Wednesday, November 25, 2009

Төр иргэддээ Хаалгаа нээж өг!

Аяны мэдээлэл харилцааны менежэр Зола "Нээлттэй хаалга 2009" бүс нутгийн Форумд "ЭТГӨ" аянаа төлөөлөн оролцоод ирлээ.

"Нээлттэй хаалга 2009" бүс нутгийн Форумын гол зорилго нь эрүүл Ардчиллыг тогтооход гол тулгуур хүчин зүйл болох "иргэд төрийг хянах" арга механизмийн талаар орон орны Ардчиллын төлөө ажиллаж буй хүмүүс туршлагаа солилцох явдал байлаа.

Иргэд өөрсдийн сонгосон төрөө болон төлсөн татварынхаа зарцуулалтыг хянах нэг хэлбэр болох Procurement буюу төрийн бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаан дээр тавих хяналт мониторингийн асуудал залуус бидний хувьд хэдийгээр шинэ асуудал ч үнэхээр хийж эхлэх ёстой зүйлийн нэг юм байна. Бидний хувьд өөрсдийн их сургуулийн хүрээнд бидний төлсөн төлбөр болон улсын төсвөөс сургуульд маань олгогдож буй хөрөнгө мөнгө ямар чанартай, юунд, яаж зарцуулагдах ёстой болон үүнийгээ яаж зарцуулж байна вэ гэдэг дээр хяналт мониторинг хийх бүрэн боломж харагдаж байна.
Жич: Удахгүй... Золагийн зохион байгуулах энэ форумын талаар мэдээлэл түгээх уулзалтан дээр энэ асуудлаар өөрсдийн үзэл бодлоо хуваалцах, ажил төлөвлөх боломж олдох болно.

Энэхүү форумд Монгол улсаас иргэний нийгмээс 9, засгийн газраас 1 төлөөлөгч оролцсон. Форумын сониноос дуулгахад манай засгийн газрын ажилтан буюу Санхүү эдийн засгийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газрийн ажилтан "Монголын нөхцөл байдалд төрийн бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа дээр иргэний нийгмийн болон иргэдийн зүгээс хяналт тавьж байсан хангалттай туршлага байхгүй. Тиймээс та бүхэн засгийн газрын зүгээс энэ үйл ажиллагаа дээр ахиц гаргахын тулд юу хийх ёстой вэ? гэдэг дээр зөвлөгөө өгөөч" гэж форумд оролцогчдоос хүсэхэд тэдний хариултын хамгийн эхний үг нь "Төр иргэддээ Хаалгаа нээж өг!" гэсэн үг байсан нь үнэхээр загатнасан газар маажих шиг болсон шүү.

"Иргэдийн хяналт" байхгүй бол эрүүл Ардчилал тогтох бүрэн үндэсгүй гэж хэлэхэд хилсдэхгүй биз.

0 comments: