Saturday, September 26, 2009

"ЭТГӨ" аянаа олон улсын түвшинд өрнүүлбэл илүү олон залууст хүрэх юм байна гэсэн нь маш их урам зориг өгсөн

Манай аяны оролцогч Батмандах саяхан БНСУ-д болсон “Ардчиллын талаарх Азийн залуучуудын форум”-д “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аянаа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ. Тиймээс энэ удаад Мандахаагаасаа форумд хэрхэн оролцсон талаар нь сонирхохоор шийдлээ.

Нямка: Энэ форум хэд дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа, ямар зорилготой арга хэмжээ вэ?
Мандахаа: Уг форум хоёр жил тутам зохион байгуулагддаг олон улсын үйл ажиллагаа. Энэ жил орон орны 200 гаруй төлөөлөгчид оролцсон. Энэ жилийн форумын онцлог нь анх удаа Азийн залуучуудын дунд зохион байгуулагдсан. Энэ удаагийн хэлэлцүүлэгт залуус өөрсдийн улс оронд тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг ярилцан, туршлага солилцож, үнэт зүйлээ хуваалцацгаасан. Нийтдээ Азийн 20 гаруй орны 30 гаруй залуучууд оролцсон. Залуучуудын оролцоонд тулгуурлаж сонирхолтой байдлаар хэлэлцүүлэг нь өрнөдөг нь таалагдсан. Миний хувьд тухайн хэлэлцүүлгийн процесс нь маш танил байсан. Учир нь манай аяны Үе тэнгийнхэний сургалт яг тийм хэлбэрээр, чөлөөтэй, сонирхолтой, залуусын оролцоонд тулгуурлаж явагддаг. Мөн форумд оролцсон Ундаръяа эгч хэлэлцүүлгийн үеэр чиглүүлэгч хийсэн нь миний хувьд илүү танил, чөлөөтэй байсан.

Нямка: Тэгэхээр манай аяны “Эрхийнхээ төлөө” Үе тэнгийнхний сургалтын арга барил дэлхийн жишигт нийцэж байгаа гэдэг нь харагдаж байна л даа.
Мандахаа: Тиймээ. Би бас очоод аяныхаа танилцуулгуудыг үзүүлэхэд бусад орны залуучууд маш ихээр сонихож байсан. Маш шинэлэг, өнгөлөг учраас тэдний анхаарлыг их татсан байх. Тэгээд бидний үйл ажиллагааны талаар асууж, аянаа зөвхөн Монголдоо явуулдаг юм уу, олон улсын түвшинд гарвал амжилт олох юм байна гэж зөвлөж байсан нь маш их урам зориг өгсөн шүү.

Нямка: Форум дээр ямар ямар асуудлуудын талаар хэлэлцсэн бэ?
Мандахаа: Ерөнхийдөө төлөөлөгч залуучууд маань өөрийн оронд ардчиллыг хөгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаар хэлэлцсэн. Үүндээ юуны өмнө ардчиллыг хөгжүүлэхэд хувь хүмүүст тулгарч байгаа бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг талаар ярилцаад, дараагаар нь улс орны, бүс нутгийн хэмжээнд яаж шийдвэрлэж болох вэ гэдэг талаар хэлэлцсэн байгаа. Залуучууд өөрсдийн оронд тулгарч байгаа эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал зэргийн талаар нэлээн дурдаж байсан. Миний зүгээс бол хувь хүнийх нь үүднээс залуучуудад ардчиллыг түгээн төлөвшүүлэхэд ямар бэрхшээл тулгардаг талаар ярьсан. Бид өөрсдөө тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулахад бидний эцэг эхчүүдийн үүнийг хүлээн зөвшөөрөх байдал нь бэрхшээлтэй байдаг. Жишээлбэл “юу хийгээд цагаа гарздаад байгаан, үүнийхээ оронд хичээлээ хий” гэх мэт. Ингээд ярихад бусад орны залуучууд "өө яаг зөв, үнэхээр тийм бэрхшээл байдаг" гээд санал нийлж байсан.

Нямка: Манай аяныг залуучууд их сонирхож байсан гэж чи хэллээ бидэнтэй адилхан өөрийн улсдаа хөдөлгөөн, аян өрнүүдэг залуучуудтай ярилцав уу?
Мандахаа: Тэгэлгүй яахав, оролцсон залуучууд бүгдээрээ л өөрсдийн орондоо тодорхой хэмжээний үзэл бодлоороо нэгдсэн залуустай хамтарч олон зүйл хийдэг гэж ярьж байсан. Би Филлипинээс ирсэн нэг охинтой тэдний аяны тэмдгийг аяныхаа тэмдгээр сольсон л доо. Тэр тэмдэг нь Филлипинд өрнөдөг LGBT хүмүүсийн эрхийг хамгаалсан “Хамтдаа эерэг орчинг бүрдүүлцгээе!” аяны тэмдэг юм. Уг аянаар лесби, гей, трансжендэр, хоёр хүйсээ сонирхогч хүмүүсийн эрхийг хамгаалахдаа эхлээд тэдний эцэг эхэд жендэрийн талаар зөв ойлгуулах нь чухал гэж үзээд энэ талаар сургалтыг явуулдаг юм билээ.

Нямка: Манай аянтай хамтарч ажиллах санал залуучуудын зүгээс гарсан уу?
Мандахаа: Аан тийм, “Бирмийг чөлөөл” гээд Филлипин, Тайланд, Энэтхэг зэрэг олон оронд идэвхтэй өрнөдөг аянаас бас Монголын залуучуудтай хамтарч ажилламаар байна гэсэн санал гарсан. Бид цаашдаа хамтарч ажиллах бодолтой байгаа.

Нямка: За, хоёулаа одоо очсон газрынхаа сониноос хуваалцах уу?
Мандахаа: Тэгье, би Солонгос улсад анх удаагаа очсон. Их таалагдсан. Форумын зохион байгуулалт маш сайн байсан болохоор онгоцны буудал дээр буухаас авахуулаад л үйлчилгээ нь гоё санагдсан. Бас нэг сонин гэвэл, очоод нэг Солонгос залуутай танилцсан. Их найрсаг, сайн залуу байсан. Өөрийн сургууль дээр нь нээлттэй өдөр болох гэж байгаа гээд биднийг тэнд урьсан юм. Би анх төсөөлөхдөө нээлттэй өдөр гэхээр л сургуулиа танилцуулаад л нэг тиймэрхүү юм болно гэж бодож байлаа. Гэтэл их өөр зүйл болж байсан л даа. Оюутнууд өөрсдөө янз бүрийн үйлчилгээ үзүүлээд, тайз засчихсан, тэндээ бүгдээрээ дуулаад, коктэйль хийж зардаг. Сургуулийнхаа нэг өрөөг караоке, диско хэлбэрээр засчихсан тэндээ орж бүжиглэж дуулдаг. Ер нь бол маш сонирхолтой санагдсан. Нэг бодлын сургууль дээрээ ийм үйл ажиллагаа зохиож байгаа нь залуучуудын оролцоог дэмжиж байгаа хэрэг гэж ойлгосон.

Нямка: Үнэхээр шинэлэг мэдээ байна шүү, манайд бол хийхэд хэцүү л байх байх да. За тэхээр биднийг төлөөлөөд аяныхаа талаар олон улсын хэмжээнд танилцуулаад ирсэн чамд баярлалаа. Дараа дараагийн олон улсын залуучуудын үйл ажиллагаанд бидний оролцох боломжийг нээж өгсөн чухал, хариуцлагатай алхмыг хийлээ гэж үзэж байна. Ингээд чиний цаашдын зорилгод чинь амжилт хүсье.
Мандахаа: Баярлалаа. Залуучуудаа бүгдээрээ цаашдаа энэ эрчээрээ улам олон хүнд хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэгийг хүргэцгээе!

Monday, September 14, 2009

Эрх чөлөөний Парад 2009 Гайхамшигтай болж өнгөрлөө

2009 оны 9-р сарын 12-ны Бямба гаригт Эрх чөлөөний талбай дээр "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2009" гайхамшигтай HOT болж өнгөрлөө. Парад 14-19 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд ойролцоогоор нийт 3000 хүн хамрагдсан гэж тооцоолж байна.
Эрх чөлөөний Парад-анд Хүний эрхийн төлөөх залуусын үйл ажиллагааг дэмжиж дуучин Quiza, BX, Тэнүүн, Баярт мөн L-Guards зэрэг хамтлагууд ая дуугаа өргөж, хүний эрхийн төлөө хамтдаа гараа өргөцгөөлөө. Мөн "Нутгийн шийдэл сан"-гийн тэргүүн Ц.Оюунгэрэл, сэтгүүлч Золжаргал, шог зураач Цогтбаяр нар хүрэлцэн ирж бидний үйл ажиллагааг дэмжин үг хэлсэн.
"ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ПАРАД 2009"-ийн фото зургуудыг үзэхийг хүсвэл энд дараарай!!! Энэ Парадын үйл ажиллагааны үнэт агшингуудыг дүрсэнд буулган зураг авч, үнэт цаг, чадвар, сэтгэлээ гаргасан Тулгаа, Ану 2-тоо баярлаж байнаа.
Мөн Парадын үеэр Хүний эрхийн холбогдолтой олон нийтэд зориулсан тараах материалууд болон сонирхолтой үзүүлбэрүүдээр Хүний эрхийн болон Жендэрийн тэгш эрхийн талаарх мэдээллүүдийг түгээсэн.
Бидний үйл ажиллагааг дэмжсэн байгууллагуудгүйгээр Эрх чөлөөний Парадыг төсөөлөхийн аргагүй билээ.
Эрх чөлөөний Парадыг дэмжсэн:
  • Umbrella Production
  • C1 Телевиз
  • Дотно ФМ 103,6
  • Golden Eye Printing хэвлэлийн компани
  • TV5 Телевиз
  • ITV Телевиз
  • Eagle TV
  • Боловсрол телевиз
  • 25-р суваг телевиз
  • ФМ Шинэ долгион 107,5
  • Монголын хэвлэлийн Хүрээлэн болон хамтлаг дуучид биднийг дэмжин үг хэлсэн Ц.Оюунгэрэл, Золжаргал, Цогтбаяр нар та бүхэндээ "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус бид чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Мөн бидний үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирсэн олон нийт та бүхэндээ маш их баярлаж байна.
Эрх чөлөөний Парадыг гардан зохион байгуулсан "ЭТГӨ" аяны залуустаа бүгдэд нь "Та нар COOL шүү!!! Бүхнийг хийх чадвар бидэнд бий шүү" гэж хэлмээр байнаа!!! (сэтгэл уяраад нулимс асгарах нээээ..... ккккк)

Friday, September 11, 2009

Маргааш FREEDOM PARADE дээр уулзацгаая!

ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЙРТАЙ ЗАЛУУСАА!!! Хүсэн хүлээсэн өдөр орйтож ирлээ. 2009/09/12-нд Эрх чөлөөний талбай дээр 14:00 цагаас уулзацгаая! Эрх чөлөөгөө илэрхийлж, мэдэрцгээе! Эрх чөлөөнийхөө эзэн нь байцгаая!!! Манайхаан!!!
Эрх чөлөөний Парад-ын Видео шторкийг доор байгааг дарж, эсвэл энд дарж Youtube-р үзээрэй!!!

Tuesday, September 8, 2009

Эрх чөлөөний Парад 2009 болоход 3-хан хоног үлдлээ шүү!!!

“Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуус хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийн зарчмыг олон нийтэд чөлөөт хэлбэрээр сурталчилан таниулж, үзэл бодлоо чөлөөтөй, бүтээлчээр илэрхийлэхийг уриалан “Эрх чөлөөний парад”-г 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн парад нь 2009.09.12-нд Эрх чөлөөний талбай буюу бидний мэддэгээр Тэнгис бас Окта-гийн өмнөх талбайд 14:00-19:00 цагийн хооронд болно.

Энэ жилийн Парадын онцлох зүйл нь “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүхий л хэлбэрийг устгах тухай НҮБ-ийн конвенц”-ийн 30 жилийн ойг тохиолдуулан энэхүү конвенцийг олон нийтэд сурталчилах юм байна.

Эрх чөлөөний Парад нь залуусын чөлөөт сэтгэлгээнд тулгуурлан явагддаг тул шинэлэг, хөгжилтөй, дахин давтагдашгүй байдлыг илэрхийлсэн өнгө аястай байх болно. Дуучин Quiza, BX, Татар хамтлагийн Заяа, Баярт, Баярцэцэг, Баасандорж нар болон The Lemons, Sync, L-Guards, Sound of Kiss, PR, Flash, Нөлөө, GCrew зэрэг хамтлагууд хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа дэмжин ая дуугаа өргөн оролцох юм.

Та өөрийнхөө нүүрийг будан, өөрийн хүссэн имидж-дээ хувирч болно. Хамгийн өвөрмөц, шинэлэг стилээр өөрийгөө илэрхийлж ирсэн хүнд СУПЕР ШАГНАЛ өгөх гэнэ шүү!
Та бүхэн цагийг үр бүтээлтэй, эрх, эрх чөлөөгөө бүтээлчээр мэдэрч, үнэт зүйлсээрээ бусадтай нэгдэхийг хүсвэл энэхүү парад-анд заавал оролцоорой.

Парадын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл handsup4yourrights@gmail.com хаягаар эсвэл 7011-0355 утсаар холбогдоорой!!!