Sunday, January 25, 2009

Бидний илэрхийлэл-Бидний T-shirt

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны оролцогч бүр өөрийн гараар өөрөө урласан, өөрийгөө илэрхийлсэн, дэлхий дээр цорын ганцхан бүтээл туурвидаг. Энэ бол t-shirt юм.

Энэ хорвоо дээрх хүн бүр өөр өөрийн үнэт зүйл, эрхэм чанартай, дахин давтагдашгүй билээ. Тиймээс манай аяны залуус ижил хувцаслах биш харин өөрийн бүтээсэн, өөрийн урласан t-shirt-оо өмсөх дуртай.

Бидний эрх чөлөөний бэлэг тэмдэг t-shirtэнд дарж үзээрэй! Бүгд өөр өөр байгааг та харах болно.

Чи ч бас өөрийн t-shirt-г урлах боломжтой шүү. Сонирхолтой санагдаж байвал handsup4yourrights@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой!


Залуус 2008 оны "ЭТГӨ" Аяныхаа ажлыг дүгнэлээ

2009 оны 01-р сарын 15-нд "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуусын уулзалт боллоо. Залуус 2008 онд аяны хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, 2009 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг ярилцлаа.

Бас "Итгэлцэл" гэдэг тоглоом тоглож 2009 онд итгэл, урам зоригоор дүүрэн аянаа эхлүүлэхээр болсныг та энэ хөгжилтэй зурагнаас харж байгаа байх.
"ЭТГӨ" аян 2008 оны 09-р сараас 12-р сарыг дуусталх хугацаанд:
* Эрх чөлөөний Парад 2008
* Хүний Эрхийн/Үе тэнгийнхний Сургалт
* "Залуус бид хүчирхийллээс татгалзаж байна" арга хэмжээ
* Хүний Эрхийн Фестиваль 2008
* ЭРХҮҮЛЭЙ-гийн хичээл, танилцуулга комикс зэрэг ажлуудыг хийжээ.

Дээрх үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулах явцад
* Хүний Эрхийн талаарх мэдлэгээ дээшлүүлсэн
* Багаар ажиллаж сурцгаасан
* Хүмүүстэй харьцах харилцааны чадвараа дээшлүүлсэн
* Сургагч болж хичээлийн агууллагаа бэлдэж, хичээл заасан
* Аливаа зүйлийг их мөнгө шаардахгүйгээр хийж сурсан
* Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, нээлттэй болсон
* Шинэ хамт олон, найз нөхөдтэй болсон
* Бусдыг сонсож сурсан гэх мэт олон давуу сайн талыг залуус маань олж авсан байна.

Мөн энэ хугацаанд юун дээр, яаж алдаж байснаа, цаашдаа юун дээр илүү анхаарч ажиллахаа ярилцсан нь нэлээн үр дүнтэй боллоо.

Хүний Эрхийн Фестиваль 2008


Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал (ХЭТТ нь энэ хорвоо дээр мэндэлсэн хүн бүрийн Эрхийн баталгаа болсон чухал баримт бичиг юм) батлагдсаны 60 жилийн ойд зориулан Монголд анх удаа Хүний Эрхийн Фестивалийг НҮБ-тай хамтран зохион байгууллаа.

Хүний Эрхийн Фестивалийн үеэр авсан сонирхолтой зургуудыг энд дарж үзээрэй!

Энэ өдөр хүмүүст Хүний Эрхийн талаар мэдээллийг түгээж, мөн Бид хайртай ЭРХҮҮЛЭЙ-гээ олон нийтэд танилцуулсан сайхан өдөр байлаа.

Хүний Эрхийн Баатар ЭРХҮҮЛЭЙ энэ өдөр Монголд мэндлэн "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны 60 охид, залуус Хүний Эрхийг хамгаалагч ЭРХҮҮЛЭЙ болон хувирч, нийслэлийн нийт 29 дунд сургуулийн 5-р ангийн 1740-өөд хүүхдэд Хүний Эрхийн анхан шатны мэдлэгийг түгээлээ. Хүүхэд багачууд ЭРХҮҮЛЭЙ-г баяр хөөртэйгээр хүлээн авсан төдийгүй дахин ирээрэй гэж урьсанд бид ч бас их баяртай байгаа.

Фестиваль дээр Хүний эрхийн төлөө байнга санаа тавьдаг жүжигчин Сосорбарам ах, Хүний Эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг дуучин Quiza, болон Guys, A-Capellа хамтлагууд, дуучин Мишээл мөн манай аяны цоглог залуус байсан учир энэ өдөр гайхамшигтай байлаа.

ЭРХҮҮЛЭЙ: Миний тухай

Эрхүүлэй Би Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалаас 2008 оны 12-р сарын 10-нд төрсөн. Би хэзээ ч өтлөхгүй, мөнхийн хүүхдээрээ байдаг.

Миний Мөрөөдөл:
Би
* Өөрийнхөө эрхийг мэдэж, хамгаалж чаддаг
* Бусдын эрхийг хүндэтгэдэг
* Өөртөө болон бусдад хүлээцтэй ханддаг
* Бүтээлчээр сэтгэдэг
* Хариуцлагатай
* Биеэ даасан
* Өөртөө итгэлтэй
* Өөрийн үзэл бодол, үнэт зүйлтэй
* Эрх чөлөөний мэдрэмжтэй
* Хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй
* Бусадтай хамтарч чаддаг
* Бусдыг манлайлж чаддаг хүмүүсийг олноор бий болоосой гэж мөрөөддөг.

Миний зорилго:
* Хүний Эрхийг хүн бүрт ойлгуулах
* Хүн бүрийн Эрхийг хамгаалах
* Хүний Эрхийн зөрчилгүй нийгмийг бий болгох

Миний онцлог:
* Миний гар Хүний Эрхийн төлөөх идэвхтэй оролцоог илэрхийлдэг
* Миний нүд Хүний Эрхийн бодит байдлыг хардаг
* Миний инээмсэглэл Итгэл найдвар бэлэглэдэг.

Эрхүүлэйгийн анхны комиксийг энд дарж үзээрэй! Дүү нартаа бас үзүүлээрэй!

Бид ЭРХҮҮЛЭЙ-гийнхээ анхны комиксийг гаргалаа

Бид 2008 оны 12-р сард ЭРХҮҮЛЭЙ-гийнхээ танилцуулга болох анхны комиксийг гаргасандаа маш их баяртай байгаа. Цаашдаа ЭРХҮҮЛЭЙ-гийн цуврал комикс (зурагт ном), ЭРХҮҮЛЭЙ-гийн ТВ шторк, хүүхэлдэйн кино зэргийг гаргахыг зорьж байна.

ЭРХҮҮЛЭЙ-гийн анхны комиксийг энд дарж үзээрэй! Өхөөрдмөөр шүү!

2009 онд залуус маань ЭРХҮҮЛЭЙ болон хувирч олон хүүхэд багачуудад Хүний Эрхийн анхан шатны мэдлэгийг түгээхээр төлөвлөөд байна. Энэ үйл ажиллагаа маань зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй, орон нутгуудаар ч аялж Хүний Эрхийн мэдлэгийг түгээх болно.

Хүсвэл чи ч бас ЭРХҮҮЛЭЙ-гээр дамжуулан Хүний Эрхийг түгээх үйлсэд хувь нэмрээ оруулж болно шүү!
Бидэнтэй handsup4yourrights@gmail.com хаягаар холбогдоорой!

Хүний Эрхийн Баатар ба Бидний хайртай "ЭРХҮҮЛЭЙ"

ЭРХҮҮЛЭЙ гэж хэн бэ?

ЭРХҮҮЛЭЙ бол Хүний Эрхийн мэдлэгийг хүүхдүүдэд түгээх зорилготой Хүний Эрхийн Супер Баатар юм. ЭРХҮҮЛЭЙ-гийн гараас гэрэл цацарч, түүний гар хэн нэгний зүрхэнд хүрэхэд тэр хүн өөрийн болон бусдын эрхийг хамгаалж чаддаг, өөрийгөө болон бусдыг хүндэлдэг болж хувирдаг. ЭРХҮҮЛЭЙ хэзээ ч өтлөдөггүй, үргэлж хүүхдээрээ байдаг.

ЭРХҮҮЛЭЙ яаж үүссэн бэ?
"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны анхны сургалтаар (2008 оны 09-р сарын 21-нд) ЭРХҮҮЛЭЙ-гийн тухай санаа төрж байсан юм. Бүлгийн ажил дээр нэг багт "Хүний Эрхийн талаарх мэдлэгийг түгээх ТВ шторкийн санаа гаргах" даалгавар өгөгдөж, тэр багаас Хүний Эрхийн мэдлэгийг сонирхолтой маягаар хүүхдүүдэд хүргэх шинэ санааг гаргасан нь ЭРХҮҮЛЭЙ байлаа.

ЭРХҮҮЛЭЙ бүтсэн түүхийн зургийг энд дарж үзээрэй!

Залуус бид хүчирхийллээс татгалзаж байна!

2008 оны 11-р сарын 29-нд "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны залуус маань "Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг тохиолдуулан "Залуус бид хүчирхийллээс татгалзаж байна" уриатай өвөрмөц, сонирхолтой арга хэмжээг зохион байгуулсан.

Бид энэ өдөр Улаанбаатар хотын хүн олноор цуглардаг (Сүхбаатарын талбай, Улсын Их Дэлгүүр, 3,4-р хороолол, Тэнгис Кино Театр, Улсын Багшийн Их Сургууль, Бөмбөгөр Худалдааны төв) газруудаар "Эрчүүд бид хүчирхийллийг зогсоож чадна", "Бидний хүч чадал хүчирхийлэлд зориулагдаагүй", "Энэ гар хүчирхийлэл үйлдэхгүй" гэх мэт уриаг барин гудамжаар алхлаа.

Энэ арга хэмжээний сонирхолтой зургуудыг энд дарж үзээрэй! Үнэхээр шинэлэг зүйл болсон шүү.

Арга хэмжээний гол зорилго нь хүмүүсийг аливаа төрлийн хүчирхийллээс татгалзахыг уриалж, бие биенээ хүндэтгэн хайрлах хүмүүнлэг соёлыг олон нийтийн дунд төлөвшүүлэх юм.

2009 оны 16 хоногийн аяны үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл handsup4yourrights@gmail.com хаягаар e-mail бичээрэй!

"Эрхийнхээ төлөө" Үе тэнгийнхний сургалт-2008

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяны нэг чухал хэсэг нь залууст зориулсан Хүний Эрхийн сургалт юм. 2008 онд бид нийт 5 сургалтыг амжилттай зохион байгуулсан.


Харин 2009 онд нийт 16 сургалт төлөвлөгдөөд байгаа тэгэхээр чамд ч сургалтанд хамрагдах боломж байгаа шүү! Зөвхөн сургалтанд хамрагдаад зогсохгүй, дараа дараагийн сургалтын сургагч болох ч боломж бас байгаа. Сургалтын маань оролцооны хэлбэрээр явагддаг учраас чамайг уйдааж, залхааж, нойрмоглуулахгүй гэдгийг бид амлаж чадна.

2008 оны сургалтын зурагнуудыг энд дарж үзээрэй!

Хэрвээ чи
* Хүний Эрх, Эрх чөлөө, Ардчилал, Нийгмийн шударга ёс, Жендэрийн шударга ёсыг эрхэмлэдэг бол
* Эсвэл энэ талаар мэдлэгээ дээшлүүлэхийг хүсч байгаа бол
* Мөн "Эрхийнхээ төлөө гараа аөргөцгөөе!" аянд оролцох хүсэлтэй бол сургалтанд маань хамрагдаарай!

Сургалтанд хамрагдсанаар:
* Чиний Хүний Эрх, Эрх чөлөө, Жендэрийн шударга ёс, Ардчиллын мэдлэг, мэдрэмж дээшилнэ
* Чиний харилцааны чадвар, багаар ажиллах, асуудлаа тодорхойлж, түүнийгээ бүтээлчээр шийдвэрлэх, олон хүний өмнө илтгэх, өөрийгөө илэрхийлэх, зэрэг ур чадвар дээшилнэ
* Нийгмийн сайн сайхны төлөө кампанит ажлыг үр дүнтэй явуулахад шаардлагатай олон төрлийн мэдлэг ур чадвар эзэмших болно.

Сургалтанд хамрагдахыг хүсч байвал handsup4yourrights@gmail.com хаягаар яг одоо e-mail бичээрэй!

Эрх чөлөөний Парад 2008


"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" 2008 аяны нэг сонирхолтой үйл ажиллагаа нь 2008 оны 10-р сарын 4-нд зохиогдсон "Эрх чөлөөний Парад" байлаа.

2008 оны "Эрх чөлөөний Парад"-ын зургийг энд дарж үзээрэй! Сонирхолтой, хөгжилтэй зурагнууд байгаа шүү!!! Сэтгэгдэлээ бичихээ мартваа!!!

"Эрх чөлөөний Парад" нь олны анхаарлыг Хүний Эрхийн асуудалд хандуулан, тэдгээрийн зөв зохистой ойлголтыг сонирхолтой хэлбэрээр түгээх зорилготой арга хэмжээ юм. Энэхүү Парад нь залуусын чөлөөт сэтгэлгээнд тулгуурласан гэдэг утгаараа нэлээн сонирхолтой, өвөрмөц зохиомжтой байсан бөгөөд хувь хүн бүрийн эрх чөлөө, дахин давтагдашгүй байдлыг илэрхийлсэн өнгө аястай болсноороо гайхамшигтай байсан.

"Эрх чөлөөний Парад" дээр Хүний Эрхийн талаар санаа зовниж явдаг дуучин Quiza, Beatbox Ray зэрэг урлагынхан биднийг дэмжин хамтдаа Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөсөнд бид баяртай байгаа.

"Эрх чөлөөний Парад" маань цаашдаа жил бүр явагдах болно. Парад маань жилээс жилд хүрээгээ тэлж, ирээдүйд хотоороо хамтдаа Эрх чөлөөгөө мэдрэн өөрийгөө илэрхийлж, өөрийгөө мэдэрч, дуулж, бүжиглэн өнгөрүүлдэг гайхамшигтай өдөр болно гэдэгт бид итгэлтэй байна.

2009 оны Парад маань илүү сонирхолтой, илүү халуухан болно шүү! Тиймээс Чи ч бас бидэнтэй хамт Эрх чөлөөгөө мэдэрч, цагийг сайхан өнгөрүүлвэл бид их баярлах болноо!

Бидэнтэй нэгдэхээр шийдсэн бол handsup4yourrights@gmail.com руу и-мэйл бичээрэй!

Saturday, January 24, 2009

"Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" Залуусын аян


Хүний Эрх, Эрх чөлөө, Ардчилал, Нийгмийн шударга ёс, Жендэрийн шударга ёсыг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээн төлөвшүүлэх зорилготой "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!" аяныг 2008 оны 9-р сард Залуусын "Хөгжицгөөе" клуб, МОНФЕМНЕТ, Монголын Эмнести Интернэшнл хамтран санаачилж эхлүүлсэн.

Энэ аяныг жил бүр зохион байгуулах замаар өөртөө итгэлтэй, Хүний Эрх, Эрх чөлөөний мэдрэмжтэй, өөрийн болон бусдын эрхийг хамгаалах чадвартай залуусын хүрээг тэлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх зорилготой байгаа юм.

Бидний бүх үйл ажиллагаа тэгш эрх, харилцан хүндэтгэл, нээлттэй, хүлээцтэй байдал, хамтын шийдвэр, хамтын хариуцлага хүлээх зарчимд тулгуурлан явагдана.

Хэрвээ чи
* Хүний Эрх, Эрх чөлөө, Ардчилал, Нийгмийн шударга ёс, Жендэрийн шударга ёсыг эрхэмлэдэг бол
* Эсвэл энэ талаар мэдлэгээ дээшлүүлэхийг хүсч байгаа бол
* Мөн манай аянд оролцох хүсэлтэй бол бидэнтэй нэгдээрэй!

Бидэнтэй нэгдсэнээр:
* Чиний Хүний Эрх, Эрх чөлөө, Жендэрийн шударга ёс, Ардчиллын мэдлэг, мэдрэмж дээшилнэ
* Чиний харилцааны чадвар, багаар ажиллах, асуудлаа тодорхойлж, түүнийгээ бүтээлчээр шийдвэрлэх, олон хүний өмнө илтгэх, өөрийгөө илэрхийлэх зэрэг чадвар дээшилнэ
* Нийгмийн сайн сайхны төлөө кампанит ажлыг үр дүнтэй явуулахад шаардлагатай олон төрлийн мэдлэг, ур чадвар эзэмшиж чадна
* Хамгийн чухал нь өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй Монголын нийгмийг бидний хүсч буй Хүний Эрх, Эрх чөлөө, Ардчилал, Нийгмийн шударга ёс, Жендэрийн шударга ёсыг дээдэлсэн нийгэм болгон өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Бидэнтэй нэгдэхийг хүсвэл handsup4yourrights@gmail.com хаягаар и-мэйл бичээрэй! Эсвэл 7011-0355 утсаар холбоо барьж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү!